1. Өнөөдөр Тэнгэрийн тухай бодлоо.
Охины маань халуун өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Оройн хоолны өмнө, би татами(хулсан шалан) дээр суугаад, удирдлаганы товчийг даран NHK- гийн (мэдээ7) суваг дээр тааруулав. 5 нас хүрч байгаа охин маань аавынхаа өвдгийг сулбагардуухан
дэрлэн хэвтэнэ. Халуурснаас болж час улаан болсон охиныхоо нүүрийг хараад би дахин нэг духыг нь дарж үзлээ. Халуунтай байна!
Телевизийн мэдээгээр 5 дугаар сарыг дуустал
онцгой байдал сунгагдана гэсэн мэдээ дахин дахин давтагдана.
Охин маань ядрангуй нүдээр аавыгаа ширтэв.
Хариуд нь би сулхан инээмсэглээд охиныхоо
духыг зөөлөн үнслээ.
Мэдээж сэтгэл дотроо бол инээмсэглэх сэдэл
байсангүй.
Онцгой байдал үргэлжилж буй энэ үед эцэг хүний хувьд охиныхоо халуурч буйтай нүүр тулна гэдэг үнэхээрийн хүнд.
Гэвч охинруугаа бол нүүр дүүрэн инээмсэглэх хэрэгтэй. Сайн аав байх гэдэг нь жүжиглэж үзүүлэх ёстой юм байдаг юм болов уу.
Телевизийн мэдээгээр өнөөдрийн нас барсан хүний тоог мэдээлэх үед охин маань аавруугаа харан 「Заяа нь корона вирус тусаагүй шүү. Корона вирус бол үхдэг байхгүй юу. Би үхэхгүй ээ 」гэв.
Би дахин инээмсэглэнгээ охиныхоо духыг үнэрлэн 「Тиймээ, энгийн ханиад биз дээ」гэж хариуллаа.
Охин маань үхлийн тухай яриснаас болоод ч тэр үү би телевизийн дэлгэц ширтэнгээ Өвөр монголын алдартай дуучин Тэнгэрийн тухай саналаа. Түүний охин 6 настайдаа нас барсан. Сурвалжлагчийн асуултанд 「Яах ч аргагүй шүү дээ. Ард үлдсэн хүн нь амьдраад явахаас яахав.」гэж хариулсан түүний үгийг бодоход тэр лавтай амиа хорломоор санадаж байсан байх. Маш ихээр зовсон байх даа.
Халуурсан өдрийн тоо дөрөв хоног хүрээгүй бол эмнэлэгт очиж болохгүй гэсэн улсын захирамжийг бүгд дагана. Би ч гэсэн охиноо эмнэлэгрүү авч очоогүй. Нэн түрүүнд өөрсдийгөө хамгаалах нь чухал. Эмнэлэг бол вирус халдварлах аюулт газар шүү дээ. Бас тэгээд бусдыг хамгаалах явдал чухал. Охин маань хэрвээ корона вирусээр халдварласан байвал эмч ажилтан болон бусад өвчтөнд халдаахгүй байхын төлөө байх хэрэгтэй.
Япон бол дүрэм тогтоолд дэндүү чанга ард түмэн. Би ч гэсэн япон маягийн дүрмийг дагаж байгаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үг байдаг даа.
Телевизийн дэлгэцээр цаг агаарын мэдээ
явна. Мэдээ7 ч дуусах дөхлөө. Би охиныхоо халуун духыг илэнгээ 「Юу ч идмээргүй байгааг нь ойлгож байнаа. Гэхдээ оройн хоолоо сайн идээд эмээ уучихвал нөгөө роликийг авч өгнө шүү.」
Охины маань нүдэнд баярын гэрэл гялалзав.
「Үнэн үү? Тэр ягаан роликийг уу? Ашгүй дээ!」
「Үнээн」гэж би имээмсэглээд
толгой дохилоо. Толгойд эргэлдэх Тэнгэрийн тухай бодлоо тас нуунгаа.
Зовлонгоо дотроо хадгалж, баяр жаргалаа гэр
бүлтэйгээ хуваалцмаар байна.
Амархан стрэсстдэг талтай юмаа.